Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.
Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.
Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.
Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.
Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач?
Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.
“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.
Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.
Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.
Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.
2009 оны 5 дугаар сар 10
БААБАР
Цааш нь...